Өөртөө болон нийгэмдээ эерэг өөрчлөлт хийх хүсэлтэй Улаанбаатар хотын ЕБС-ийн 10, 11, 12-р ангийн сурагчдад зориулсан "Junior Climate Leaders" Хөтөлбөр зарлагдлаа.
Байгаль орчин, эх дэлхийгээ хайрлах хүсэл эрмэлзэлтэй ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад мэргэжилтнүүдээс Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд мэдлэг олж авах, хувь хүний ур чадварт чиглэсэн сургалтуудад хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэх, сонирхол нэгтэй хамт олны нэг хэсэг болох боломжийг олгох хөтөлбөр юм.
Тавигдах шаардлага:
- Улаанбаатар хотын ЕБС-ийн ахлах ангийн буюу 10, 11, 12-р ангийн сурагч байх
- Долоо хоног бүр танхимын сургалтад цаг зарцуулж, идэвх санаачилгатай оролцох боломжтой байх
- Өөрийгөө хөгжүүлж, байгаль орчин, тогтвортой хөгжлийн 17 зорилтын тухай суралцах хүсэл тэмүүлэлтэй байх
- Хөтөлбөрөөс сурсан мэдсэнээ бусдад түгээх эрмэлзэлтэй байх
Дээр дурдсан шаардлагыг хангасан сурагчид 2022 оны 12-р сарын 27-ны 23:59 цагаас өмнө энэхүү цахим өргөдлийн маягтийг бөглөнө үү.
Хөтөлбөр ЕБС-ийн хичээлийн бус цагаар, үнэ төлбөргүй явагдах бөгөөд Улаанбаатар хотын төвөөс алслагдсан сургуульд суралцдаг бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Сүүлийн улирлын албан ёсны дүнгийн хуулбар
Хөтөлбөрт хамрагдсанаар:
- Манлайлах ур чадварт суралцах
- Байгаль орчин, тогтвортой хөгжлийн талаар шинэлэг байдлаар суралцах
- Уур амьсгалын өөрчлөлтийн талаар дуу хоолойгоо илэрхийлэх
- Шинэ хамт олонтой болж, хамтдаа хөгжих
- Нийгэмд тустай сайн дурын ажил санаачлан багаар хэрэгжүүлэх
Хөтөлбөрийн агуулга:
Хөтөлбөрийн нээлт: Хөтөлбөрт шалгарсан сурагчид өөр хоорондоо танилцаж, тэдний эцэг эхээс хөтөлбөрт хамрагдах зөвшөөрөл авах үйл ажиллагаагаар эхэлнэ.
Семинар: Оролцогчдын манлайллын ур чадварыг бэхжүүлэх, мөн хувь хүний хөгжлийг дэмжих сургалтууд орно.
Ур чадварын сургалт: Төсөл хэрхэн бичих, өөрийгөө бусдад хэрхэн илэрхийлэх болон багаар ажиллах зэрэг ур чадвар эзэмшинэ.
Сэдэвчилсэн аялал: Эх орны хөгжилд голлох үүрэг гүйцэтгэж байгаа дотоодын болон гадны бүтээн байгуулалт, байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцах боломж олгоно.
Нийгэмд тустай бичил төсөл: Хөтөлбөрт хамрагдаж буй сурагчид сургалтын хугацаанд олж авсан мэдлэг мэдээлэл дээр үндэслэн 4 багт хуваагдан нийгэмд тустай бичил төсөл санаачлан хэрэгжүүлнэ.
Шалгаруулалт:
Эхний шатний шалгаруулалт: Сурагчдын илгээсэн өргөдөл дээр үндэслэн хийгдэх бөгөөд зөвхөн дараагийн шатанд тэнцсэн сурагчидтай 2023.01.01-ний өдөр холбогдож ярилцлаганд урина.
Ярилцлага: Эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн сурагчид Зориг сангийн байранд биечлэн ирж ярилцлага өгөх бөгөөд энэхүү ярилцлагын дүнгээр хөтөлбөрийн эцсийн шийдвэр гарна.
Хөтөлбөрийн ивээн тэтгэгч: Капитрон Банк
"Ухаалаг Ирээдүйн Зүгт"